Зохион байгуулагчид

ЭКСПОРТ ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ
Экспорт Олон Улсын Худалдааны Төв нь экспортын нэгдсэн сүлжээг бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.2015 онд байгуулагдсанаасаа хойш гадаад зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргах зорилгоор “Made in Mongolia” арга хэмжээг АНУ, Канад, Япон улсуудад 5 удаа, “Экспорт Монголиа” бизнес форумыг Монголдоо 3 удаа, “Монголын Өв Соёлын Өдрүүд” бизнес форумыг АНУ-ын Вашингтон ДС хотноо Дэлхийн банкны төв цогцолборт зохион байгуулснаас гадна АНУ-ын Чикаго хотноо Монголын үйлдвэрлэгчдийн ложистикийн төв болон Монголд үйлдвэрлэв худалдааны төвийг нээж үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд сурталчлан таниулах, худалдан борлуулах үйл ажиллагаануудыг гишүүн байгууллага, хамтран ажиллагчид болон төр засгийн дэмжлэгтэйгээр хийсэн. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар оролцож байна. 

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги Монгол Улсын байр суурийг зөв тодорхойлох, аюулгүй байдал, эдийн засгийн тогтворжилт, өсөлтийг хангаж, хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах зорилгын хүрээнд гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтууд тус яамны өмнө тавигдаж байна. Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа тус сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнийхээ хүрээнд ЖДҮ Сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох; жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн туршлагыг харилцан солилцуулах; төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР
Үндэсний Хөгжлийн Газар нь улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж нийгэм эдийн засгийн болоод хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. ҮХГ нь эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын болон концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг судалгааны үндэстэйгээр боловсруулж, хэрэгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, салбарын хөгжлийн бодлогыг хүн амын нутагшилт, суурьшил, бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эдийн засгийн таатай орчныг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

ҮНДЭСНИЙ БРЭНДИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ
Монголын Үндэсний брэндийн бодлогын зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард иргэд, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн түвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй юм. Мөн дотооддоо байгаа боломжит нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлуудыг судалгаан дээр үндэслэн тооцож, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн бодлогын төслийг боловсруулах, санал дүгнэлт гаргаж мэдээллээр ханган ажиллаж байна.Арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд  Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
МУХБ нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой бөгөөд дараах төсөл хөтөлбөрүүдийг эхний ээлжинд санхүүжүүлж байна. Үүнд:
• Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр
• Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого
• Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор
• Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтанд орсон төсөл, хөтөлбөр.

МОНГОЛ ДАХЬ АВСТРАЛИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ 
 

МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм. 

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ХОЛБООНЫ МОНГОЛ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГА
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан дэлхийн анхны эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.Монгол Улс 2016 онд тус холбоонд албан ёсны 13 дахь гишүүн орноор элсэж 2017 оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 оны есдүгээр сарын 6,7,8-ны өдрүүдэд ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ(GWTS 2018)-ыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан ба уг арга хэмжээг дэмжин оролцож байна.