Мал эмнэлгийн хүрээлэн
Төслийн нэр: Үхэр, адууны зарим эндемик халдварт өвчнүүдийг орон нутагт оношлох аргыг нэвтрүүлэх замаар малчдын амьжиргааг дэмжих нь
Байгууллагын танилцуулга: Мал Эмнэлгийн Хүрээлэн нь 1961 онд байгуулагдсан ба малын эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага бөгөөд техник, технологи, хүний нөөцийн чадавхаар Монгол улсдаа тэргүүлэх шинжлэх ухааны байгууллага юм.
Төслийн зорилго: Зорилтот аймгуудын мал эмнэлгийн лабораториудад үхэр, адууны эндемик халдварт өвчин (бабезиоз, тейлериоз, адууны нийлүүлгийн өвчин)-үүдийн оношилгооны аргууд, цусны шинжилгээний багажит анализын аргыг нэвтрүүлэн тэдгээр өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний мэдээлэл болон үйлчилгээг сумын малын эмч нар, малчдад хүргэж, төсөлд хамрагдаж буй 60 сумдад үхэр, адууны нийт үхэл хорогдлыг бууруулах зорилготой.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Үхэр, адууны эндемик халдварт өвчнүүдийн оношлуураар ханган, шинжилгээ оношилгоо хийх боломжийг бүрдүүлэх замаар орон нутгийн мал эмнэлгийн лабораторийн техникийн чадавхыг сайжруулна. Лабораторийн малын эмч нарт тэнхимийн болон лабораторийн дадлага сургалтыг зохион байгуулж дээрх өвчнүүдийн талаар онолын болон практик дадлагын сургалтад хамруулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ. Аймгийн мал эмнэлгийн лабораториудад гематологийн анализатор нийлүүлж, цусны ерөнхий шинжилгээ хийх боломжтой болно. Аймгуудын Мал эмнэлгийн лабораториудын малын эмч нар төсөлд хамрагдсан сумдын 318 багийн малд тандалт судалгаа хийж, МЭХ-ийн судлаачдын хамтаар эрсдэлтэй нутгуудыг тогтоож, эмчлэх, сэргийлэх мэдээлэл сургалтыг явуулна.
Дэвшүүлж буй шийдэл: Адуу, үхрийн зарим эндемик халдварт өвчнүүд нь өвөл, хаврын улиралд үхэж хорогдох суурь болж, тогтвортой өсөлт, таваарлаг байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг. Иймд төсөлд хамрагдах аймгуудын малд эндемик халдварт өвчнүүдийн шинжилгээг хийж, эрсдэлийн бүсүүдийг тогтоож, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулах дадлыг малчдад түгээснээр эндемик халдварт өвчний шалтгаант үхэр, адууны үхэл хорогдол буурна. Мөн малын цусны ерөнхий шинжилгээний автомат анализаторын аргыг аймгийн төвшинд нэвтрүүлснээр өндөр ашиг шимтэй малын эрүүл мэндийг хамгаалж, тохирсон эмчилгээг хийх эмчилгээний үр дүнг хянах боломжтой болж, өндөр ашиг шимтэй малыг эрүүл мэндийг хамгаалах болно.
Ашиг хүртэгчид: Шууд ашиг хүртэгчид нь 7 аймгийн Мал эмнэлгийн газар, лабораторийн шинжлэгч эмч нар байх бөгөөд шууд бус ашиг хүртэгчид нь 60 сумын 318 багт оршин сууж байгаа мах, сүү нийлүүлэгч 40010 малчин өрх, үүний дотор аймгуудын сүүний хэрэглээг хангах үнээний фермерүүд байх болно.
Төсөл хэрэгжих байршил: Булган, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий, Төв, Дундговь, нийт 7 аймгийн Мал эмнэлгийн газар, лабораториуд хамрагдана.
Утас: 9900 6728
1