Танилцуулга
ШУА Хими, химийн технологийн хүрээлэн
Төслийн нэр: Малын сэвсийг ашиглаж, шимт тэжээл үйлдвэрлэх технологи
Байгууллагын товч танилцуулга: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 1961 онд анх үүсгэн байгуулагдсан ба үндсэн 12 нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна. Эх орны эрдэс, нүүрс, газрын тос болон амьтан, ургамал, микробын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хими технологийн шинж чанарыг тогтоох, боловсруулах технологийг зүгшрүүлэх; байгаль орчны бохирдлыг бууруулах, хаягдал болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, шинэ материал гарган авах чиглэлээр онолын болон хавсарга судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэдэг. Нийт 128 эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсадтай.
Төслийн зорилго: Малын сэвсийг ашиглан шинэ төрлийн овор хэмжээ багатай, шимт тэжээл үйлдвэрлэх технологийг боловсруулж, мал сүргийг байгалийн цаг зуурын хүндрэлээс хамгаалах боломжийг бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Мал нядалгааны газраас хаягдаж байгаа сэвсийг эрдэс давс, биологийн идэвхт уураг, пептидээр баяжуулан шим тэжээлийн бодисын агуулгыг нэмэгдүүлсэн, шахмал хэлбэрийн малын тэжээл үйлдвэрлэх технологийг боловсруулах ба мал дээр туршиж үнэлгээ өгнө
- Сэвс ашиглан малын тэжээл бэлтгэх аргын сургалт, сурталчилгааг малчдад зориулан явуулна
- Сэвсний хог хаягдлаас үүсэх метан, нүүрстөрөгч, азотын хийн хэмжээг тооцон гаргана
Дэвшүүлж буй шийдэл:
- Мах бэлтгэлийн үед хаягддаг сэвс нь хүрээлэн буй орчныг их хэмжээгээр бохирдуулж байна. Сэвс нь мал амьтанд шим тэжээл болох бүрдэл тул биологийн идэвхт нэгдлээр баяжуулан шахмал хэлбэрийн малын тэжээл үйлдвэрлэхэд ашиглах боломжтой гэж харж байна. Энэ нь цас, зудтай нутагт хүргэх тэжээлийн овор хэмжээг багасгах, тэжээлийн чанарыг нэмэгдүүлэхэд тустай. Сэвсэнд анхан шатны боловсруулалт хийх, нэмэлтээр оруулах уураг, пептидийг гарган авах, тэжээлийг үйлдвэрлэх, шинжилгээ хийх ажлыг төсөл дэвшүүлэгч бие даан хийх боломжтой. Тэжээлийн орцыг хатаах, жижиглэх, холих, шахмал хэлбэрт оруулах тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгтэй. Тэжээлийн хоруу чанар болон аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоох ажлыг зохих мэргэжлийн байгууллагаар хийлгэн, дүгнэлт гаргуулна.
Ашиг хүртэгчид: Өвөлжилт хүндэрсэн, малын тэжээл хомсодсон газар орон нутгийн малчид тээвэрлэхэд овор хэмжээ багатай, шим сайтай тэжээлтэй болно. Мал нядалгаанаас гарах сэвсний хаягдлын хэмжээг бууруулснаар хөрс, ус, агаарын бохирдлыг багасгах, цаашлаад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад нөлөө үзүүлнэ. Ингэснээр мал нядалгааны газрын ойр орчимд амьдардаг оршин суугчдын эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Түүнчлэн малын сэвсийг ашиглан тэжээлийн цех байгуулах боломж бүрдэж, ажлын байр бий болно.
Төсөл хэрэгжих байршил: Улаанбаатар, БЗД, 13-р хороо
Утас: 9907 5616
Цаг товлох
Баруун дээд буланд байрлах товч дээр дарж Профайл руу шилжинэ.
Санамж: Та тухайн өдөр цагтаа цаг товлосон газрын утсаар холбогдож уулзалтаа хийнэ үү!